Аймгийн бэлгэдэл

Дархан хотын бэлгэдэл тэмдэг, түүнийг хэрэглэх журмыг анх хотын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Гишүүдийн 1974 оны 96 дугаар тогтоолоор баталсан бөгөөд найрамдан эвлэлдэхийг бэлгэдсэн Хаан бугуйвчийг бэлгэ тэмдгээ болгож байсан. /Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2001.05.09-ний 46-р тогтоолоор Дархан-Уул аймгийн тугаар батлав./

Аймгийн туг

Дархан-Уул аймгийн туг нь орон нутгийн хөгжлийн зам шулуун дардан байхын бэлгэдэл болгож шар өнгийн тууз бүхий энх тайван, эрх чөлөөг бэлгэдсэн тод цэнхэр өнгөтэй байх бөгөөд төв хэсэгт Хаан бугуйвч, дээд талд нь дээш мандан бадрах галын дөл байрлуулсан байна. /Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003.06.04-ний 50-р тогтоолоор Дархан-Уул аймгийн тугаар батлав./

Аймгийн сүлд дуу

Ая: Д.Лувсаншарав МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин

Үг: Д.Пүрэвдорж МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт

/Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2001.05.09-ний 46-р тогтоолоор Дархан-Уул аймгийн сүлд дуугаар батлав./

"Хамгийн сайхан хот"

Үүлэн хээ шиг цэнхэн хөндийд

Үүрийн цагаан цолмон гялбааж

Үйлдвэр уурхайн яндан хүжлэх

Үлгэрийн сайхан хот байдаг юм.

Орд харш нь өдөржин ургаж

Одод гадаа нь шөнөжин хотолж

Өргөн саруул хаяа нь тэлсэн

Өглөөн сайхан хот байдаг юм.

Ханийн сайн найрсан цуглаж

Хамтран бүтээж амьдран суусан

Хаврын нуур шиг жаргал дэлгэр

Хамгийн сайхан хот байдаг юм.

Ахан дүүсийн өлзийт гараар

Анхны чулууг нь өргөн тавьсан

Нарлаг Монголын энэ хотыг

Найрамдлын Дархан гэдэг юм.

Аймгийн түүх

Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв Дархан хотын анхны суурийг тухайн үеийн Давхрын төмөр замын өртөө, барилгын түүхий эдийн ордуудыг түшиглэн 1961 оны 10 сарын 17-ны өдөр тавьсан юм.

УИХ-н 1994 оны 32-р тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон өөрчилсөн.

Тус хот нь хуучнаар эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулагдсан.

Энэ ч утгаараа Дархан хотыг "Найрамдлын хот" хэмээн нэрлэсээр ирсэн.


Газар зүй

Дархан-Уул аймаг нь Монгол орны хойд хэсэгт Хэнтийн нурууны салбар уулсын дунд Хараа голын зүүн хойд хөндийг хамарсан 327.5 мянган га газар нутагтай. Нийт газар нутгийн 70.7 хувь буюу 231.7 мянган га газрыг ХАА-н эдэлбэр газар эдэлдэг.

Тус аймгийн газар нутгийн хэмжээ бага боловч алт, шохойн чулуу, нүүрс, барилгын материалын төрөл бүрийн түүхий эд зэрэг байгалийн баялгийн нөөц ихтэй.

Далайн түвшнээс 707 метрт өргөгдсөн харьцангуй нам дор газар байрлана. Тус аймгийн нутгаар Хэнтийн нуруунаас эх авч цутгадаг Хараа, Зулзага, Шарын гол, Орхон, Ерөө, Хүйтний, Хавчуун зэрэг голууд урсдаг.

Агаарын үнэмлэхүй их температур 7-р сард 42.6 хэм, үнэмлэхүй бага температур нь 1-р сард -43.7 хэм хүрдэг.


Хүн ам, нийгэм

Аймгийн төв Дархан хот нь Монгол улсын томоохон аж үйлдвэрийн төв юм. Дэд бүтэц сайн хөгжсөн, Улаанбаатар-Алтанбулагийн чиглэлийн олон улсын авто зам, Улаанбаатар-Сүхбаатарын төмөр замын зангилаан дээр оршдог, төвийн эрчим хүчний системд холбогдсон, өндөр хурдны шилэн кабель, тоон системийн радио релейний шугам, хөдөлгөөнт холбооны үйлчилгээтэй, бусад аймагтай харьцуулбал нийтийн найдвартай, тогтмол хямд тээврийн хэрэгсэлтэй, хүмүүсийн амьдралын өртөг бага зэрэг давуу талтай.

Нийт 91093 хүн амтай, үүнээс 74526 хүн Дархан хотод амьдардаг. Нийт хүн амын 64.5 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлнэ. Аймгийн хэмжээнд 24989 өрх байгаагийн 67.5 хувь нь нийтийн орон сууцанд амьдардаг.

Засаг захиргааны нэгжийн хувьд Дархан, Орхон, Хонгор, Шарын гол гэсэн 4 сум, 26 багтай.